Жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдөр тохиодог Дэлхийн Сонсголын өдрийг угтан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хүний хөгжлийн төв хамтран сонсголын урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, аудиометрийн шинжилгээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхэд, Ховд аймгийн Цахилгаан түгээх станцын 25 ажилтан, Мон-Энко ХХК-ийн 28 ажилтан нийт 61 иргэн хамрагдаж, чих, хамар, хоолойн үзлэгт орж, зөвлөгөө авч, сонсголын бичлэг (аудиометр) хийлгэв.

🌍 Дэлхий даяар 430 сая гаруй хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор 2050 он гэхэд энэ тоо 700 саяд хүрэх төлөвтэй байна. Монгол Улсын хэмжээнд 115,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 8.2 хувь нь сонсголын бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн, Ховд аймгийн хэмжээнд нийт 72 сонсголын бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байна.Сонсголоо хамгаалах нь эрүүл амьдралын чухал хэсэг юм. Хэт чанга дуу чимээнээс сэргийлэх, тогтмол сонсголын үзлэгт хамрагдах, чихний эрүүл ахуйг сахих нь сонсголын бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.



Сонсголын эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж

🔊 Чихийг хүчтэй дуу чимээнээс хамгаалах

💊 Чихний үрэвслийг дутуу эмчлэхгүй байх

🏥 Жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах

👂 Хүүхдийн сонсгол, хэл ярианы хөгжлийг эрт үеэс хянах

Сонсгол – хүний амьдралын чанар, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн үндэс.

Иргэн бүр сонсголын эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж байна.