Ховд аймгийн Н.Баасанжавын нэрэмжит Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын гавьяат багш, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан проректор , анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв болон ТУЗ-ийн гишүүд 2026 оны 03 дугаар сарын 6–7-ны өдрүүдэд ажиллаж байна.
Ажлын хүрээнд эмнэлгийн ТУЗ-ийн гишүүд эмнэлгийн удирдлага, тасаг нэгжийн эрхлэгчидтэй уулзаж, БОЭТ-ийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцан санал бодлыг нь сонсож байна. Мөн Яаралтай тусламж, мэс засал, ариутгалын тасаг, амаржих газар, хүүхэд нярайн тасаг, эрүүл мэндийг дэмжих төв, халдвартын тасаг зэрэг тасаг нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнчлэн Ховд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, бүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудлаар санал солилцож байна.
Уулзалтын үеэр БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай уулзан санал бодлыг нь сонсож, 2026–2030 онд хэрэгжүүлэх хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэлэлцэх юм.
Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын хүрээнд эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлох юм.