БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Монгол улсын засгийн Газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Осол гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн зөвлөх, Анагаах ухааны доктор, профессор С. Баатаржаваар ахлуулсан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч гэмтлийн гаралтай тархины мэс засал, түнх, өвдөгний үе солих мэс засал, өвдөг, мөрний дурангийн оношилгоо, арьс нөхөх мэс засал, хөлдөлт, түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, хүүхдийн согог засал зэрэг мэс ажилбар болон эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд гэмтэл согогийн онолын мэдээлэл болон ажлын байранд дадлагажуулах сургалтыг 2022.11.21-2022.11.25 өдрүүдэд Ховд аймгийн БОЭТд зохион байгууллаа.
Энэ хугацаанд нийт 310 хүнд үзлэг оношилгоо хийж, 8 нэр төрлөөр 21 хүнд мэс засал хийж, нийт эмч эмнэлгийн мэргэжилтэнд түлэнхийн үеийн хүүхдийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, осголт, хөлдөлтийн үеийн яаралтай тусламж, хүүхдийн гэмтлийн тусламж үйлчилгээ, тархи нуруу нугасны мэс заслын тусламж үйлчилгээ, доод мөчдийн гэмтэл мэс засал, өрх сургууль цэцэрлэг, сумдын эмч нарт гипс тавих техник арга зүй, гэмтлийн үеийн цус алдалт, түлэгдэлт, хөлдөлт, осголтын үеийн анхны тусламж, гэмтлийн үеийн амиллуулах тусламж сэдвүүдээр онол дадлага хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Ийнхүү орон нутгаас гэмтэл согогийг тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн тоон нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах, шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Орон нутгаас ирж үйлчилгээ авч буй иргэдийн урсгалыг бууруулж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго юм.